2013 оны 1 сарын 8-нд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Японы Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч, элчин сайд Такэнори Шимизү нар Монгол Япон улсын Засгийн газар хооронд Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг түншлэлийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хамтарсан хороог байгуулахаар тохирсон юм. Энэхүү механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон улсын зүгээс Монгол улсад байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, чадавхи бэхжүүлэхэд чиглэсэн тусламж дэмжлэг үзүүлэн уг механизмын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээс бий болох хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан хувь хэмжээг Япон улсад шилжүүлэх юм.
Хоёр улсын хооронд байгуулсан энэхүү түншлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн саяхан Монголд хийсэн айлчлалын үеэр дэвшүүлсэн “Эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх Япон, Монголын хамтын ажиллагааны ЭРЧ санаачлага”-ын хүрээнд тохиролцсон нь энэхүү түншлэлийг хэрэгжүүлэхэд 2 орны засгийн газрууд өндөр ач холбогдол өгч буйг харуулав.
Хамтарсан хороонд Японы талаас Японы эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчны яам, Японы Монголд суугаа элчин сайдын яамнаас холбогдох албаны хүмүүс орж байгаа бол Монголын талаас Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон бусад холбогдох яамдын төлөөлөл орж байна. Түүнчлэн уг хорооны хуралд ШУА, Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Төв зэрэг газруудаас хөндлөнгийн ажиглагч оруулахаар төлөвлөж байна.
Хорооны анхдугаар хурлыг энэ оны 4-р сарын 11-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хурлын танхимд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хурлаар хороог албан ёсоор байгуулж, 2 талын даргыг томилох, хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулахаас гадна ХКОМ-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох дүрэм, журам, гарын авлагыг батлах мөн 2013 онд ХКОМ-ын шугамаар хэрэгжүүлэх загвар төслүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын алба