ХКОМ-ийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, эсвэл тэдгээр хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлж, Японы хөрөнгө оруулалт дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, ажил үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд бий болох хүлэмжийн хийн ялгаралтын бууралтын хувь хэмжээгээр ялгаралтын бууралтын кредитийг бий болгон бусад орон, тухайлбал Япон улсад шилжүүлэх боломж бүрдэнэ.
Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гол салбар нь хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох салбар байна.
ХКОМ-ын хүрээнд төсөл хэрэгжүүлэх боломжтой салбарууд:
- Эрчим хүч (сэргээгдэх/үл сэргээгдэх)
- Эрчим хүчний түгээлт
- Эрчим хүчний эрэлт
- Боловсруулах үйлдвэр
- Химийн үйлдвэр
- Барилга
- Тээвэр
- Уул уурхай/эрдэсийн үйлдвэрлэл
- Төмөрлөг
- Түлш (хатуу, шингэн, хий) олборлох үеийн дэгдэмхий ялгаралт
- Галокарбон, гексафторт нүүрстөрөгчийг хэрэглэх, үйлдвэрлэх үеийн дэгдэмхий ялгаралт
- Уусгагчийн хэрэглээ
- Хог хаягдалын менежмент
- Ойжуулалт, нөхөн сэргээлт
- Хөдөө аж ахуй
Эдгээр салбарт дараах чиглэлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж болно. Үүнд:
- дээрх салбаруудад байгальд ээлтэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх,
- эрчим хүч, дулааны шинэ станц барих,
- сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, гадаргын ус, газрын гүний дулаан г.м.)-ийг ашиглах,
- эрчим хүч, дулаан дамжуулалтын шугамын алдагдлыг багасгах,
- эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг сайжруулах, хэмнэлтийн горим нэвтрүүлэх,
- хуучирсан нам даралтын зуухнуудыг шинэчлэх, шинээр барих,
- барилгын дулааны алдагдлыг бууруулах,
- шатахуун бага зарцуулдаг, цахилгаан болон шингэрүүлсэн хий, хийн түлш хэрэглэдэг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх,
- ногоон нийтийн тээврийн тогтолцоог бий болгох, метро барих,
- төмөр замыг цахилгаанжуулах,
- эрчим хүч бага хэрэглэдэг гэрэлтүүлэг нэвтрүүлэх,
- хог хаягдлын менежментийг сайжруулах, хог боловсруулах, цахилгаан үйлдвэрлэх үйлдвэр барих,
- мал аж ахуйн менежментийг сайжруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тоо толгойн оновчтой харьцааг бий болгох,
- хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- ойжуулах, ойг нөхөн сэргээх,
- хөрсний элэгдэл, цөлжилттэй тэмцэх, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох зэрэг болно.