БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковагаас гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан бөгөөд 2015 оны 7 сарын 4-ны ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39-р хуралдаанаар “Их Бурхан Халдун уул, түүний ариун нандин газар нутгийг тойрсон” 443.739 га газар нутгийг Дэлхийн соёлын өвд бүртгэн авах шийдвэр гарсан.
Батламж бичиг хүлээн авах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралтай хоёр талын уулзалт хийн ЮНЕСКО үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн Дэлхийн өвд бүртгэлтэй хадны сүг зургийг хамгаалах чиглэлээр тийм өв бүхий 27 улстай хамтран ажиллах, олон улсын чуулга уулзалт зохион байгуулах, бэлчээрийн мал аж ахуйг биет бус соёлын өвд бүртгүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг хамгаалан хөгжүүлэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах зэрэг саналыг ажил хэрэг болгох талаар тохиролцов.