Эрхэм Ерөнхийлөгч,
Хүндэт төлөөлөгчид,
Хатагтай, ноёд оо,
Өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь эдийн засаг, нийгмийн маш тодорхой үр дагавар бүхий байгаль орчны ноцтой асуудал болоод байна.
Монгол улсын хувьд газарзүйн байршил, уур амьсгалын онцлог нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хөгжлийн түвшин болоод хүн амын амьдралын хэв маяг зэргээс улбаалан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Түүнчлэн олон улсын Germanwatch судалгааны байгууллагаас гаргадаг үнэлгээний тайлангаас үзэхэд манай улс уур амьсгалын урт хугацааны эрсдлийн индексээрээ дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй 10 орны 8-т жагсаж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгарч байгаа бэрхшээлүүдийг даван туулахын тулд Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг УИХ 2000 онд анх баталсан ба 2011 онд түүнийг шинэчлэн батлаад байна.Хөтөлбөрийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан гол асуудлыг тодорхойлох, тэдгээрийг үндэсний хэмжээний болон салбарын хөгжлийн бодлого, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Саяхан 2014 онд УИХ-аас батлан гаргасан Ногоон хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Ногоон хөгжлийн бодлого нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн өсөлт, байгалийн нөөцийн ашиглалт, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг баталгаажуулах замаар хүний сайн сайхан байдлыг хангасан хөгжлийн шилжилтийн үеийн загвар юм.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрийн гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил 2010 оны жишгээр явсан тохиолдолд буурах боломж бололцоо байгаа.
Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал Монгол Улсад салхины эрчим хүчийг ашиглан нэг киловатт цахилгаан гаргаж авахад 13-15 центийн зардал гардаг. Гэтэл бид энэ хэмжээний цахилгааныг нүүрснээс гаргаж авахад 5 центийн зардал гарч байх жишээтэй.
Тиймээс дэвшилтэт технологи дамжуулах, чадавхийг бэхжүүлэхэд Уур амьсгалын ногоон сан бусад тусгай сан, олон улсын болон бүс нутгийн санхүүгийн механизмын хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Эдгээр хүндрэл бэрхшээлийг хурлаас гарах баримт бичигт тусгаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд бидний оруулах хувь нэмрийг дэмжинэ гэдэгт найдаж байна. Монгол Улс нь 21 дүгээр Талуудын бага хурлаас гарах үр дүнг бүрэн дэмжиж, түүнийг түргэн шуурхай, амжилттай хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.