Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Япон улсын Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 оны 1 сарын 8-ны өдөр гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломж нээгдэн энэ чиглэлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
2015 оны сүүлээр Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хуралд Монгол улс оролцож Парисын хэлэлцээрийг дэмжин гарын үсэг зураад байна. Монгол улс одоогоор нийт хүлэмжийн хийн ялгаралтаа 2030 он гэхэд 14 хувиар бууруулах үүрэг амлалт аваад байна. Тиймээс манай орны хүвьд хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй механизмуудыг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Хамтарсан Кредит Олгох Механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх, эдгээр төсөл арга хэмжээний үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломж бүрдэнэ.
Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой. Монгол улсын хувьд ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломж байна.
Монгол улсад уг механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагууд энэ чиглэлээр идэвхи чармайлт гаргаж ажиллах шаардлагатай байгааг мөн онцлон хэлмээр байна.
Цаашид Монгол-Япон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг илүү өргөжүүлж, олон төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна.
Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулаад байгаа бөгөөд Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон.
ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжиж үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд 2 төсөл бүртгэгдэж, 2 аргазүй батлагдаад байна.
Монгол-Японы Хамтарсан хорооны 4-р хурал БОАЖЯ-ны Хаан танхимд 2016 оны 9 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Энэ удаагийн хурлаар ХКОМ-ын загвар төсөлд зориулагдсан санхүүжилтийн программаар Дархан хотод хэрэгжүүлэх 10МВ-ийн нарны фото цахилгаан үүсгүүрт станцийн системийг суурилуулах арга зүй болон MN001 “Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр үр ашигтай нам даралтын зуухыг суурилуулах төсөл”, MN002 “Төв аймгийн Борнуур сумын төвийн дулаан дамжуулах шугамыг өндөр үр ашигтай нам даралтын зуухаар солих” төслүүдийн нотолгооны тайлан дээр үндэслэн төслүүдийн хүлэмжийн хийн ялгарлын бууралт буюу кредит (cer)-ийг олгон баталлаа.
Хүлэмжийн хийн ялгарлын бууралт дээр үндэслэн нийт 157 кредит тооцогдсоноос тус механизмыг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн гол үүргийг гүйцэтгэж байгаа Япон улсын засгийн газар 70%, Монгол улсын засгийн газар 20%, төсөл хэрэгжүүлэгч байгууллага 10% гэсэн хуваарилалттайгаар батлагдлаа.
ХКОМ-ын Хамтарсан хорооны бүрэлдхүүнд Япон улсын талаас Японы Байгаль орчин, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Япон улсын элчин сайдын яам болон холбогдох бусад харьяа байгууллагуудын төлөөллүүд, Монгол улсын талаас БОАЖЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ЗТЯ, ЭХЯ, НЗДТГ, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл орон ажиллаж байна.
БОАЖЯ-ны харьяа Байгаль Хамгаалах Сангийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж
2016.09.29