Өнгөрсөн 11 дүгээр сарын 7-ны өдөр Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгөх, хоёр талын бизнес эрхлэгч нарыг хооронд нь холбох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Япон улсын Байгаль Орчны яам харьяа байгууллагууд болон Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Уур Амьсгалын Өөрчлөлтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж, Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
2013 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү механизмын санхүүжилтийн хүрээнд Монгол улсад нилээн хэдэн судалгааны төслүүд хэрэгжсэн ба өнөөдрийн байдлаар СЭХ-ний 8 төсөл, эрчим хүчний хэмнэлтийн 3 төсөл хэрэгжээд явж байна.
Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.
Механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалгуурын нэг нь заавал Япон талын хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Энэ тал дээр Монгол талын байгууллагуудад Япон талын хамтрагчаа олоход хүндрэл бэрхшээлтэй байна.
Ийм учраас бид ХКОМ-ын хэрэгжилтийг хангах, чадавхийг бэхжүүлэх, төсөл хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх зорилготойгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд Японы талаас, Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харьяа байгууллагуудын төлөөлөл болон, Японы бизнес эрхлэгч байгууллагууд болон Монгол улсын талаас 40 орчим аж ахуйн нэгж, байгуулагууд оролцлоо.