БАКУ, АЗЕРБАЙЖАН, НҮБУАӨСК-ын Талуудын 29 дүгээр бага хурал, Япон Улсын Павильон, 2024 оны 11 дүгээр сарын 18- Монгол Улс, Япон Улсын хооронд 2013 онд байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” Санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан Кредит Олгох Механизм” (ХКОМ) нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагааны чухал хөшүүрэг юм. Түншлэлд өнөөгийн байдлаар 29 улс нэгдэн орж 250 гаруй төслийг хэрэгжүүлээд байгаа бөгөөд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Дээд хэмжээний уулзалтад ХКОМ-ын түнш 21 орны төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсаас БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж Япон Улсын Байгаль Орчны Сайд ноён Асао Кеичиро оролцон “Хамтарсан Кредит Олгох Механизм нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж буй санаачлагуудын нэг юм. Хамтын ажиллагааны түнш орнуудынхаа дунд мэдлэг, туршлагаа хуваалцан, хөгжин цэцэглэх, тогтвортой ирээдүйг цогцлоохын төлөө цаашид хамтран ажиллана. Япон Улсын зүгээс хамгийн сайн чармайлтыг хүргэхэд тууштай ажиллах болно. Энэхүү чухал хэлэлцээрийн хүрээнд амжилт гаргахын тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь нэн чухал гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Монгол Улсын Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Сайд хатагтай С.Одонтуяа хэлсэн үгэндээ “Монгол Улс бага нүүрстөрөгчийн тогтвортой ирээдүйг цогцлоох зорилгодоо хүрэхийн тулд тууштай ажиллах бөгөөд ХКОМ-ын төсөл, хөтөлбөрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахын тулд бодлого зохицуулалтаа тодорхой болгох, ил тод байдлыг нэмэгдүүлэх, албажуулах үйл явцыг хялбаршуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэж Япон улсын Засгийн газрын тууштай хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.”
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ХКОМ-ын оруулж буй хувь нэмэр
ХКОМ нь Япон Улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой эрчим хүчний шийдлүүдийг хөгжүүлэх зэргээр Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.
Нийт 160 сая ам.долларын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, үүнээс 40 сая ам.долларыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгальд ээлтэй, дэвшилтэт шийдлүүд бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр хүчин чармайлт нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглалтыг өргөжүүлэх, агаарын чанарыг сайжруулахын зэрэгцээ бие даасан хувийн хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлж, ялгарлын бууралтын хэмжилтийг олон улсын стандартын дагуу тогтоодог зэрэг давхар үр өгөөжтэй байна.
Эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмэр
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 323 МВт байгаа бөгөөд үүний 57.7 МВт буюу 18 хувийг ХКОМ-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа нарны цахилгаан станцууд эзэлж байна. Үүнд:
• Дархан хот дах 10 МВт нарны цахилгаан станц
• Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 15 МВт нарны цахилгаан станц
• Улаанбаатар хотод байрлах 12.7 МВт хүчин чадал бүхий ХАА, сэргээгдэх эрчим хүч хосолсон станц
• Завхан аймагт 3.6 МВт.цаг цэнэг хураагуурын системтэй 5 МВт-ын нарны цахилгаан станц
• Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах 15 МВт нарны цахилгаан станц
Эдгээр төслүүд жилд 400 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж, ойролцоогоор 230,000 тонн СО₂ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна.
ХКОМ нь сэргээгдэх эрчим хүчнээс гадна эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй төслүүдийг мөн хэрэгжүүлж байна. Үүнд:
• Сургууль, цэцэрлэг, сумын төвийн халаалтын системийг шинэчлэх, төвлөрсөн системд холбох чиглэлээр 118 дугаар сургууль, Төв аймгийн Борнуур сумын төвд хэрэгжүүлж байгаа төсөл
• Баянзүрх дүүрэгт байрлах MCS Кока-Кола компанийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн технологид шилжүүлэх төсөл
• Оюу Толгой, Цагаан Суваргын дэд станцуудыг холбосон 160 км урт, 220 кВт алдагдал багатай цахилгаан дамжуулах шугамын төсөл
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилттой нийцэх
ХКОМ нь Парисын хэлэлцээр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенц (НҮБУАӨСК)-ын зорилтуудтай нягт уялдан ажиллаж байна.
Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлд үндэслэн ХКОМ нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд төсөл тус бүр ил тод байдал, байгаль орчны иж бүрэн байдал, жендэрийн тэгш байдлыг хангаж байна.
Монгол Улс НҮБУАӨСК-ын хүрээнд тодорхойлсон үүргээ биелүүлэхийн төлөө тал бүрийн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн дагуу Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны түншлэлийн хэрэгжилтийн анхны тайлангаа конвенцын нарийн бичгийн газарт хүргүүлээд байна.