НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3-14-нд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтаршлыг уур амьсгалд ноцтой нөлөөлхөөргүй түвшинд тогтворжуулах юм.
Конвенцод орон тус бүрт тусгайлан хүлээлгэсэн хүлэмжийн хийг бууруулах үүрэг тусгагдаагүйгээс гадна албадан шахах механизм байхгүй юм. Ийм ч учраас конвенц нь олон улсын хэмжээнд үүрэг хүлээлгэсэн эрх зүйн баримт бичиг биш юм. Харин конвенцод цаашид хуулийн дагуу хүчин төгөлдөр протокол гаргах талаар тусгаж өгсөн байна. Үүний дагуу хийгдсэн гол протокол нь Киотогийн протокол бөгөөд конвенцоос ч илүү олонд танигдах болсон.
НҮБУАӨСК-д 1992 оны 5 сарын 9 нөөс эхэлж дэлхийн улс орнууд гарын үсэг зурж эхэлсэн бөгөөд 1994 оны 5 сарын 21-д хүчин төгөлдөр болсон байна. 2014 оны 3 сарын байдлаар нийт 196 орон конвенцод нэгдэн орсон байна.
НҮБУАӨСК-ын КИОТОГИЙН ПРОТОКОЛ нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь “Конвенц” /цаашид гэх/-ийн Талууд болохын хувьд;
Конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон Конвенцийн эцсийн зорилгод хүрэх зорилгоор;
Конвенцийн заалтуудыг иш үндэс болгон;
Конвенцийн 3 дугаар зүйлийг удирдпага болгон;
Конвенцид оролцогч Талуудын Бага хурлын анхдугаар хуралдааны 1/СР.1 шийдвэрээр батлагдсан Берлины Мандатыг хэрэгжүүлэх зорилгоор
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Энэхүү Протоколд Конвенцийн 1 дүгээр зүйлд агуулагдсан Тодорхойлолтуудыг мөн хэрэглэнэ. Нэмэлт байдлаар:
- “Талуудын Бага хурал” гэдэг нь Конвенцид оролцогч Талуудын Бага хурлыг ойлгоно.
- “Конвенц” гэдэгт 1992 оны 5 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотноо батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцийг ойлгоно.
- “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсэг” гэдэгт Дэлхийн Цаг уурын Байгууллага, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хоёр 1988 онд хамтран байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Засгийн газар хоорондын мэргэжилтний хэсгийг ойлгоно.
- “Монреалын Протокол” гэж 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреал хотноо батлагдсан Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын Протокол, дараа нь түүнд оруулсан залруулга, нэмэлтийг ойлгоно.
- “Байлцсан болон санал өгсөн Талууд” гэж байлцсан /хуралдаан дээр/ болон эерэг болон сөрөг санал өгч байгаа Талуудыг хэлнэ.
- “Тал” гэж утгын хувьд өөрөөр тодорхойлогдоогүй бол энэхүу Протоколд оролцогч Талыг хэлнэ.
- “1 дүгээр хавсралтанд орсон Тал” гэж Конвенцийн 1 дүгээр хавсралт болон түүнд оруулж болох залруулгад нэгдэн орсон, эсхүл Конвенцийн 4 дүгээр зүйлийн 2/д/ заалтын дагуу мэдэгдэл хийсэн Талыг хэлнэ.
ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР – НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ийг хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн Протоколын үйлчлэх хугацаа дуусч 2020 оноос хэрэгжих дараагийн шатны шинэ бичиг баримтыг олон улсын хүрээнд зөвшилцөн боловсруулах, агаарын температурын өсөлтийг 1.5 хэмээр хязгаарлаж, 2 хэмээс доош барих зорилтод хүрэхийн тулд НҮБ-ын гишүүн улсууд болох 196 орны төр, засгийн удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр болсон УАӨСК-ийн Талуудын XXI бага хурал (COP21)-аар чуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.